2014-05-07
Б.ХАТАНБААТАР: БИЕ ХАМГААЛАХ УРЛАГААР МЭРГЭШСЭН, ИРЭЭДҮЙН ЦАГДАА НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА =гэж MONGOLNEWS.mn-д ярилцлага өгчээ

Б.ХАТАНБААТАР: БИЕ ХАМГААЛАХ УРЛАГААР МЭРГЭШСЭН, ИРЭЭДҮЙН ЦАГДАА НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

Khartsaga

Цагдаагийн ерөнхий газрын харьяа Нийгмийн хэв журам хамгаалах газар (НХЖХГ)- ын “Харцага дожо” клубийн дасгалжуулагч багш, дэд ахлагч Б.Хатанбаатартай ярилцлаа.

-“Харцага дожо” клубийн үйл ажиллагааны талаар манай уншигчдад танилцуулахгүй юү?

-Манай клуб 2011 онд НХЖХГ-ын даргын тушаалаар байгуулагдсан. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлын манаанд зогсох зөв хүмүүжилтэй, мэдлэгтэй, бие хамгаалах урлагаар мэргэшсэн, ирээдүйн цагдаа нарыг бэлтгэх гол зорилготой. Манай шавь нарын ихэнх нь аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөх хүсэлтэй, цагдаа нарын хүүхдүүд байдаг. Аав, ээж нь цагдаа биш ч өөрөө цагдаа болохыг хүсдэг хүүхдүүд ч бий. Манай клубийн хүүхдүүд НХЖХГ-ын тамирчид гэж явдаг.

-Бие хамгаалах урлагийн төрлүүдээс алийг нь заадаг вэ. Бусад клубээс танай ялгагдах онцлог юу вэ?

-Ихэнх клубүүд бие хамгаалах урлагийн зөвхөн нэг төрлийг нь дагнан заадаг бол манайх тэквондо, бокс, байлдааны самбо гэсэн гурван төрлийг цогцоор нь эзэмшүүлдэг. Тэквондо, боксын хичээлийг би, байлдааны самбог Л.Бат-Өлзий багш заадаг. Хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи, тамхи зэрэг хорт зуршлаас хол байлгах зорилгоор эрх зүйн мэдлэг давхар олгодог. Дэслэгч Э.Түвшинжаргал долоо хоногт хоёр удаа хүүхдүүдэд хууль, эрх зүйн хичээл заадаг. Төрийн албан хаагч, цагдаа хүн ямар ч үед биеэ хамгаалах чадвартай, хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй байх ёстой.

-Бие хамгаалах урлагийг цогцоор нь заахын ач холбогдол нь юу юм бэ?

-Ганц чиглэлээр дагнахгүйгээр тэквондо, бокс аль алинаар нь хичээллэснээр хүүхэд илүү хурдтай, овсгоо самбаатай, ур чадвартай болдог. Манайх бокс, тэквондо хоёрыг тус тусад нь биш, хосолмол байдлаар заадаг. -Танай клубт одоогоор хэчнээн хүүхэд хичээллэж байгаа вэ. Клубийнхээ хүүхдүүдийг ямар шалгуураар сонгож авдаг вэ? -Одоогоор 35 хүүхэд хичээллэж байна. Нэгдүгээрт, хүүхэд өөрөө бие хамгаалах урлагаар хичээллэх сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Бид хүүхдүүдийн уян хатан чанар, тэсвэр тэвчээр, сэтгэлзүйн байдлыг нь гол шалгуур болгодог. -Насны хязгаар тавьдаг уу. Одоогоор та найд хичээллэж байгаа хамгийн бяцхан тамирчин хэдэн настай вэ? -Манайд одоогоор долоон настай хоёр охин, таван настай нэг хүү бий. Ихэнх нь 9-16 насныхан байдаг. Насны хязгаар тавьдаггүй. Гэхдээ 9-16 насныхан байвал тохиромжтой санагддаг.

-Яагаад. Спортоор аль болох бага наснаасаа хичээллэвэл илүү амжилтад хүрдэг гэдэг шүү дээ. Бага насны хүүхдүүд бусдаасаа илүү уян хатан байдаг уу?

-Бие хамгаалах урлагаар хичээллэгсэд хагас цэргийн зохион байгуулалттай байдгаараа онцлогтой. До лоон настай хүүхдүүд уян хатан чанар сайтай ч үг даах чадвар муу, тэсвэр тэвчээр багатай байдаг. Шантрах нь амархан. Тэгэхээр бага насныхантай ажиллахад хүнд л дээ. Харин есөн настай хүүхдийн тэсвэр тэвчээр, үг сонсох чадвар, сэтгэхүй нь долоон настай хүүхдийнхээс хамаагүй өөр. Уян хатан чанар нь ч сайн хэвээрээ байдаг болохоор энэ наснаас бие хамгаалах урлаг заахад тохиромжтой.

-16 нас гэдэг спортоор хичээллэж эхлэхэд арай л “хөгшдөх” юм биш үү. Ядаж л бие нь хөшингө болчихно шүү дээ?

-Уян хатан чанарыг нь шалгаж үзнэ л дээ. Гэхдээ тухайн хүүхэд энэ спортоор хичээллэх чинхүү хүсэл сонирхолтой байвал тодорхой техникүүдийн дагуу бие бялдрыг нь засаад бие хамгаалах урлагт сургах боломжтой. Ер нь хүүхэд өөрөө хүсэл сонирхолтой л бол манай “Харцага дожо” клубийн үүд хаалга үргэлж нээлттэй.

-Тэсвэр тэвчээр, сэтгэлзүйг нь яаж шалгадаг юм бэ?

-Уурлана, аашилна, загнана. Тулж харилцаад л ямархуу сэтгэлзүйтэй хүүхэд болохыг нь таньчихдаг.

-Танай клуб долоо хоногт хэдэн цагаар хичээллэдэг вэ. Сарын төлбөр нь хэд вэ?

-Хичээл сургуулилалт долоо хоногийн таван өдөр явагддаг. 10.00- 12.00, 14.00-16.00 цагийн хооронд өглөө, өдрийн ээлжээр хичээллэж байна. Мөн бямба гаригт 11.00 цагаас хичээллэдэг. Одоогоор ямар нэгэн үнэ төлбөргүй.

-Байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тэмцээн, уралдаанд оролцоод тодорхой амжилт үзүүлсэн байлгүй. Хүүхдүүдийнхээ үзүүлсэн амжилтаас дурдаач?

-Олимпийн тэквондогийн улсын аваргаас манай тамирчин Ц.Түвшинзаяа мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн оны долдугаар сард Сэлэнгэ аймагт болсон “OPEN” тэквондогийн тэмцээнээс А.Мягмаржав, Ц.Түвшинзаяа нар алт, мөнгөн медаль, есдүгээр сард болсон “Касс таун” компанийн нэрэмжит тэмцээнээс А.Мягмаржав, Ц.Түвшинзаяа нар хүрэл медаль хүртэж, “Цахилгаан нударга” клуб, “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-ны хамтарсан кик боксын улсын аварга шалгаруулах, жингийн ангилалгүй тэмцээнд Ц.Түвшинзаяа тусгай байр эзлэн, Налайх дүүргийн “Соёмбо” клубийн нэрэмжит өсвөр үеийн ул - сын аварга шалгаруулах тэквондогийн тэмцээнд А.Мягмаржав, А.Тэлмэн, Ц.Түвшинзаяа, Д.Амгаланбаяр, А.Билгүүн нар амжилттай оролцсон. Мөн энэ оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан “Хөтөлийн цом-II” олимпийн тэквондогийн аварга шалгаруулах таван төрөлт тэмцээнд “тэквондо аэробек-бүжиг” төрөлд таван хүний бүрэлдэхүүнтэй оролцож, алтан цомын эзэд болсон. Тэквондогийн болзолт уралдаан буюу багийн тулааны төрөлд зургаан тамирчин оролцож, нийт 27 клубээс хоёрдугаар байрт шалгаран, мөнгөн цом, мөнгөн медалиар шагнууллаа. Ганцаарчилсан тулааны керүги төрлийн 32 кг-ын жинд Д.Номин-Эрдэнэ, 36 кг-ын жинд С.Сүрэнжаргал нар хүрэл, 38 кг-ын жинд Ц.Түвшинзаяа алт, 42 кг-ын жинд Д.Амгаланбаяр хүрэл медаль тус тус хүртсэн. Нийтдээ манай НХЖХГ-ын “Харцага дожо” клуб зургаан алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, амжилт арвинтай оролцлоо.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юү?

-Улсын төдийгүй дэлхийн, цаашлаад олимпийн аварга төрүүлэх зорилготойгоор бэлтгэл сургуулилалтдаа шамдана. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хүүхдүүдэд маань урам хайрлаж, урамшуулдаг Нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа П.Энхтогтох, Тусгай хамгаалалтын хэлтсийн дарга, ахмад Г.Галбаатар, дэд дарга, дэд хурандаа Н.Баярмагнай, Төрийн хамгаалалтын тасгийн дарга, ахмад Ц.Алтангэрэл, Монголын тэквондогийн холбооны нарийн бичгийн дарга С.ГанЭрдэнэ болон тусалж, дэмжиж байдаг байгууллагынхаа бүх албан хаагчдад танай сониноор дамжуулан баярласан талархсанаа илэрхийлье.

Бичсэн: GTTM | цаг: 09:44 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax